
Иданы гар дахь утас үл ялиг чичирхийлэв.
“Шира…” хэмээн тэр догдолсондоо хоолой нь зангиран, “Би ажилд орчихлоо!” гэв.
Ердөө гурван үг.
Гэвч тэр гурван үгийн цаана ямар урт, ямар хүнд зам туулсныг гагцхүү Идан өөрөө л мэднэ.
Тэр уг нь Израилийн өмнөд хэсэгт өөрийн гэсэн байшин, тогтсон ажил, амар тайван амьдралтай нэгэн байв. Гэвч 2023 оны аравдугаар сарын 7-нд болсон аймшигт халдлага түүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Гэр орон нь сүйдэж, арга буюу эхнэр Шира, хоёр хүүгээ дагуулан Иерусалим руу дүрвэхэд хүрсэн билээ.
Хориодхон наснаасаа эхлэн хөдөлмөрлөж, тоосго тоосгоор нь босгосон өөрийн гэсэн бүх амьдралаа нэг л өглөө алдсан ч тэр сэтгэлээр унаж суусангүй.
Хамгийн гол нь Шира, хоёр хүү нь эсэн мэнд үлдсэн. Үүний төлөө тэр өдөр бүр талархдаг байлаа. Гэр бүлээ хүний дайтай авч явахын тулд олдсон ажил болгоныг хийж, амьдралаа залгуулдаг болсон аж.
Харин саяхан түүний хуучны найз Ёсси тэднийд зочлон ирэхдээ Electra Afikim автобусны компанид жолооч хайж байгааг дуулгаж, ажилд орох хүсэлт гаргахыг зөвлөжээ.
Ийнхүү тэрээр шинэ ажилд орсон баярт мэдээгээ эхнэр Ширадаа дуулгаж буй нь энэ билээ.
Ингээд Идан автобусны жолооны ард суух анхны өдрөө угтав.
Идан өглөөнөөс үд хүртэл хүргэлтийн ажил хийнэ. Харин оройн цагаар Иерусалимаас Мицпе Йерихо хүрэх автобусыг жолоодож эхлэв.
Автобусанд орж ирсэн хүн болгон инээмсэглэн,
“Сайн байна уу?”
“Оройн мэнд.”
хэмээн мэндэлсээр орж ирнэ.
Буухдаа ч бараг хүн бүр,
“Баярлалаа.”
“Сайхан амраарай.”
“Оройгоо сайхан өнгөрүүлээрэй.”
“Ажил нь хөнгөн байг.”
хэмээн инээмсэглэсээр бууна.
Энэ мэт энгийн хэрнээ халуун дулаан үгс Иданы сэтгэлийг орой бүр дулаацуулдаг байлаа.
Тэр шөнийн хамгийн сүүлийн рейсээ хийж дуусган гэртээ харихад эхнэр Шира нь инээмсэглэн угтаж, хоёр хүү нь аавыгаа хэдэн өдөр хараагүй мэт хөөр болон тосдог байв.
Иданы амьдрал аажмаар шинэ хэмнэлдээ орж, ажилдаа ч өдөр ирэх тусам дасаж эхлэв. Өдөр хоногууд өнгөрөхийн хэрээр автобусны жолооны ард суух нь түүнд улам бүр дотно, дасал болжээ.
Гэвч энэ ажилд орсноос хойш түүний сонирхлыг нэг зүйл ихэд татах болсон билээ.
Тэр нь нэгэн настай эр байв.
Орой бүр сүүлийн рейсээ хийхээр Иерусалим дахь Гиват ха-Тахмошет хэмээх хөнгөн галт тэрэгний буудлын дэргэд ирэхэд таяг тулсан хөгшин эр сандал дээр ганцаар сууж харагдана.
Өвгөн хоёр гараа таягныхаа толгой дээр давхарлан тавьж, харцаа алсын алсад, гагцхүү өөрийнх нь мэдэх тэр нэгэн зүгт чиглүүлэн бодол болон суудаг байлаа.
Автобус ирэн зогсож, хаалга нээгдэхэд өвгөн аажуухан босож, чимээгүйхэн орж ирээд хаалганы дэргэдэх эхний суудал дээр сууна.
Хааяа түүнтэй хамт цэргийн сургуулийн хүүхдүүд, ешивагийн бололтой хөвгүүд, мөн ажлаа тараад гэр бүл рүүгээ харьж яваа эрчүүд сууна.
Харин тэр нэгэн настай эр л өдөр бүр сүүлийн автобусанд суудаг нь Иданд ихэд хачин санагдана.
Эхэндээ тэр өөрөөсөө:
“Ийм настай хүн ийм орой болтол ажилладаг гэж үү?”
хэмээн гайхан асуудаг байв.
Маргааш нь дахиад л өвгөнийг хараад,
“Хэн нэгнийг хүлээгээд байгаа юм болов уу?”
хэмээн бодсоноо толгой сэгсэрнэ.
“Үгүй байхаа… Өдөр бүр ингэж хүлээнэ гэж үү?”
Ийнхүү өдөр хоногууд өнгөрсөөр байлаа.
Идан өвгөнийг автобусанд орж ирэх бүрд сониуч зан нь хөдөлдөг ч яриа эхлүүлэхээс нэг л зүрхшээн явсаар байв.
Нэгэн орой Идан урьдын адил сүүлийн рейсдээ гарахаар буудал дээр ирэхэд өнөөх өвгөн мөн л орж ирэн, дассан суудалдаа суув.
Түүний араас ешивагийн сурагчид бололтой хоёр залуу, тэдэнтэй хамт яваа нэг бүсгүй, хамгийн сүүлд гартаа iPad барьсан сэргэлэн, цовоо байрын Ази бүсгүй орж ирэн суулаа.
Энэ удаа Идан зориг гаргав.
“Өө, та өнөөдөр ч бас явна уу? Таныг орой бүр харсаар би бүр дасчихжээ. Үнэнийг хэлэхэд, таныг орж ирэхийг харахаас нааш миний сүүлийн рейс эхэлдэггүй юм шиг санагддаг болчихож” хэмээхэд түүний энэ үгийг сонссон өвгөн чимээгүйхэн хариу инээмсэглэв.
Идан бага зэрэг ичингүйрэн дагзаа маажаад,
“Та одоо ч ажилладаг юм уу? Уучлаарай… Орой бүр таныг хардаг болохоор л сонирхоод…”
хэмээн сандарсан хүүхэд шиг баахан зүйл асуучихав.
Түүнийг ийнхүү яриа эхлүүлсэнд өвгөн ихэд таатай байгаа бололтой хариу мэндлэн, яриа өрнүүлэв.
Тэгээд өвгөн өөрийн түүхийг түүнд ярьж эхлэхтэй зэрэгцэн автобус Мицпе Йерихог чиглэн хөдөллөө.
Өвгөн уг нь Беэр-Шевагийн хүн аж. Хэдэн сарын өмнө эхнэр нь нас барснаар одоо Мицпе Йериход том хүүгийндээ ирж амьдрах болжээ.
Тэр хоёр бүр хүүхэд байхаасаа л бие биенээ мэддэг, нөхөрлөдөг байв. Он жилүүд өнгөрөхийн хэрээр нөхөрлөл нь хайр болон хувирч, хожим эхнэр нөхөр болжээ.
Тавин долоон жил.
Тэд тавин долоон жилийг мөр зэрэгцэн туулж, таван сайхан хүүхэд өсгөн хүмүүжүүлж, баяр жаргал, зовлон гуниг, амьдралын том жижиг бүхий л мөчийг хамтдаа өнгөрүүлсэн аж.
Тэгтэл нэг л өдөр…
Эхнэр нь хорвоог орхижээ.
“Насан туршдаа хамт амьдарсан хүнээ алдана гэдэг хүний амьдралд тохиож болох хамгийн хүнд цохилт юм билээ” хэмээн өвгөн намуухан өгүүлэв.
Идан өвгөний яриаг сонсонгоо толинд санамсаргүй хартал өнөөх iPad барьсан Ази бүсгүй хэзээний түүний арын суудалд шилжин суучихсан, өвгөний үг бүрийг ихэд анхааралтай сонсож яваа харагдав.
Тэр багахан гайхсан ч өвгөний дуу хоолой түүний анхаарлыг дахин татаж, өнөөх бодол нь замхран одлоо.
Өвгөний эхнэрийг Беэр-Шевагийн оршуулгын газарт нутаглуулжээ.
Харин өвгөн том хүүгийндээ ирснээс хойш өглөө бүр эхнэртэйгээ уулзахаар гэрээсээ гардаг болсон аж.
Тэр өглөө эртлэн босож, Иерусалим орон, замдаа эхнэрийнхээ хамгийн дуртай цэцгийг худалдаж аваад Беэр-Шеваг зорьдог гэнэ.
Оршуулгын газарт очоод эхнэрийнхээ булшны дэргэд цэцгээ тавьж, хажууд нь суун өдөржингөө хамт байдаг аж.
Харин орой болоход Иерусалим руу буцаж, тэндээсээ Мицпе Йерихо хүрэх сүүлийн автобусанд суудаг байжээ.
Өвгөн хэсэг чимээгүй болов.
Тэгснээ уруулд нь үл мэдэг инээмсэглэл тодорлоо.
“Би орой бүр унтахынхаа өмнө эхнэрийнхээ духан дээр үнсээд, ‘Маргааш уулзъя’ гэж хэлдэг байсан юм. Тавин долоон жил шүү дээ. Бид тавин долоон жилийн турш ингэж л үдэлцдэг байлаа.”
Өвгөн хэсэг завсарласнаа үргэлжлүүлэв.
“Тиймээс би одоо ч гэсэн түүн дээрээ өдөр бүр очиж, ‘Маргааш уулзъя’ гэж хэлдэг юм.
Амьсгал минь зогсох хүртэл…
Миний бие ч урьдынх шигээ байхаа больжээ. Удахгүй байх аа даа…
Тэгээд би дахиад л түүнийхээ дэргэд очно.
Энэ удаа…
Үүрд хамт байхаар.”
Өвгөний нүдэнд нулимс тунаран, харанхуйд анивчих бяцхан гэрэл мэт гялалзаж байлаа.
Идан юу хэлэхээ мэдсэнгүй. Дэмий л жолоогоо барин өмнөх замаа ширтсээр суув.
Автобусны хөдөлгүүр намуухан хүнгэнэж, шөнийн харанхуй тэднийг цөлийн зүг дагуулан одох ажээ.
Автобус явсаар Мицпе Йериход ирж, өвгөн буухаар босоход өнөөх iPad барьсан Ази бүсгүй суудлаасаа босон түүн рүү дөхөж очив.
“Уучлаарай…” хэмээн бүсгүй өвгөнд хандан хэлэхэд буухаар зэхэж байсан өвгөн түүн рүү эргэн харав.
Бүсгүй яриагаа үргэлжлүүлэн “Таны нэрийг асууж болох уу?” гэхэд өвгөн өөрийн нэрийг түүнд хэлэв.
Бүсгүй инээмсэглэн,
“Намайг Баясаа гэдэг. Би зохиолч хүн” гэв.
Тэгснээ тэр хэсэг азнах нь яг л хэлэх үгээ тунгааж буй мэт харагдсан ч тэр даруй яриагаа үргэлжлүүлэн,
“Би урьд өмнө таных шиг түүх сонсож байсангүй. Үнэхээр гайхалтай түүх байна” хэмээв.
Өвгөн ичингүйрэн инээмсэглэж, түүнд талархлаа илэрхийллээ.
Ингээд тэр хоёр хамтдаа автобуснаас бууж, нэг зүгт алхсаар одов.
Идан тэднийг бараа тасартал харж сууснаа автобусныхаа хаалгыг хаан, Иерусалим руу буцах замдаа гарлаа.
Тэр өдрөөс хойш өнөөх өвгөн Иданы сүүлийн рейсийн салшгүй нэг хэсэг болжээ.
Тэд бараг орой бүр ойр зуурын зүйлсийг ярилцана. Заримдаа цаг агаарын тухай, заримдаа амьдралын тухай ярилцаж, заримдаа юу ч хэлэлгүй зүгээр л өөд өөдөөсөө инээмсэглэдэг байв.
Алив хүмүүс хоорондоо уулздаг нь учиртай гэх үг байдаг шүү дээ.
Магадгүй энэ хоёрын учрал ч санамсаргүй зүйл биш байсан биз.
Өдөр хоногууд өнгөрсөөр Иданы хувьд шөнийн сүүлийн рейс нь жирийн нэг ажлын ээлж байхаа больжээ.
Харин орой бүр хүсэн хүлээдэг бяцхан мөч нь болсон байлаа.
Гэтэл…
Нэгэн орой Идан урьдын адил Иерусалим дахь Гиват ха-Тахмошетийн буудал дээр ирэв.
Гэтэл өнөөх өвгөн байсангүй.
Идан эргэн тойрноо ажиглав.
“Арай хоцорч байгаа юм болов уу?” гэж бодов.
Хэд хэдэн хүн орж ирэн суусан ч өнөөх өвгөн л байсангүй.
“Өвдчихсөн юм болов уу…”
“Эсвэл ямар нэг муу зүйл тохиолдсон юм биш байгаа даа…”
“За яах вэ, жаахан хүлээе” хэмээн Идан бодлоо.
Гэнэт түүнд муу зүйл бодогдон, тэр түгшиж эхлэв.
“Арай…” хэмээн бодсоноо өөрийнхөө бодлоос цочих шиг болов.
Дахин хэдэн минут өнгөрөв. Өвгөнөөс бараа ч алга.
Автобус хөдлөх цаг аль хэдийн болсон тул суусан хүмүүс ч түүнээс яагаад хөдлөхгүй байгааг асууж эхэллээ.
Идан сэтгэлээр унан, толгойгоо гудайлган автобусныхаа хаалгыг хаав.
Яг тэр мөчид хаалганы шилийг хэн нэгэн аяархан тогшлоо.
Идан толгойгоо өргөн хартал өнөөх өвгөн хэд хоногийн өмнө таарсан Ази бүсгүйн хамт инээмсэглэн зогсож байв.
Өвгөний ийнхүү инээмсэглэн зогсохыг харсан Идан эгээтэй л уйлчихсангүй.
Тэр яаран хаалгаа нээж, тэднийг автобусанд оруулав.
Хоцорч орж ирсэн хоёр суудлаа эзэлж, автобус хөдөлсний дараа өвгөн түрүүлэн ам нээж, Ази бүсгүйг Иданд танилцууллаа.
“Энэ бол Баясаа. Би чамд түүний тухай ярьсан даа.”
Баясаа гэх бүсгүй Идан руу инээмсэглэн хараад,
“Би тэр өдөр өвөөгийн амьдралын түүхийг сонсоод зохиол болгон бичмээр санагдсан юм” гэв.
Тэгээд өвгөн рүү харж инээмсэглэснээ,
“Би түүнд энэ тухай хэлэхэд эхэндээ өвөө зөвшөөрөөгүй. ‘Миний түүхэнд онцын зүйл байхгүй дээ, охин минь’ гээд л байсан” хэмээн ярив.
Өвгөн ичингүйрэн инээмсэглэж, толгой сэгсэрлээ.
Баясаа цааш үргэлжлүүлэн,
“Харин сүүлдээ бодлоо өөрчилсөн. Бид өнөөдөр хамт Беэр-Шева орсон юм. Өвөө надад тэр хоёрын хувьд дурсамжтай газруудыг үзүүлж, эхнэрийнхээ тухай, хамтдаа өнгөрүүлсэн амьдралынхаа тухай олон сайхан зүйл ярьж өглөө” гэв.
Тэгснээ хөнгөхөн инээгээд,
“Бид хоёр сүүлийн автобуснаас бараг хоцрох шахлаа шүү дээ” хэмээн нэмж хэлэв.
Идан энэ яриаг сонссоныхоо дараа тэднийг хараад ямар их баярлаж буйгаа нууж хаалгүй шууд л хэлж орхив.
Энэ үед Баясаа түүнд хандан “Таны нэрийг асууж болох уу?” гэхэд “Идан” гэж тэр хариулав.
Баясаа түүнд хандан “Баярлалаа, Идан” гэснээ яриагаа түр таслан хэсэг чимээгүй болсноо “Ингэхэд юу гээч, Идан. Та ч бас энэ түүхийн нэг хэсэг болох хэрэгтэй юм байна” гэв.
Энэ үгийг сонссон Идан бага зэрэг сандарсан мэт толгойгоо илэн, худал инээмсэглэв. Гэсэн ч тэр төд удалгүй өөрийн түүхийг тэдэнд ярьж эхэллээ.
Тэд ийнхүү ярилцан, заримдаа инээлдэн явцгаав.
Харин энэ өдрийн сүүлчийн автобусны гэрэл шөнийн харанхуйг зүсэн, Мицпе Йерихог чиглэн давхисаар байлаа.
Түүний дотор, хотын гэрэл, цөлийн харанхуйн дундах хаа нэгтээ…
Бас нэгэн шинэ түүх эхэлж байв.
By Bayasa.D